Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч бөө болсноосоо хойш дөрвөн сарын дараа шавьтай болж эхэлжээ. 2011 оны наймдугаар сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Далан шар (Авдрантын уул) гэдэг газарт Наранзул гэх эмэгтэйг бөөгийн чанар авахуулна хэмээн өргөл барьц мөнгө авч, зан үйлийг нь хийхээр болж халуун чулуу, уураар түлж, амь насанд нь хүрсэн байна. Д.Болд-Эрдэнэ талийгаач Наранзулыг гурван чулуу халааж дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлж хэвтүүлснээр амиа алдсан аж. Талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.Бусдын амь насанд хүрсэн Д.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдын амийг болгоомжгүй бүрэлгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх байв. Гэтэл сум дундын нэгдүгээр шүүхийн энэ оны гуравдугаар сард шийдвэрлэж, Б.Болд-Эрдэнэд гурван жил хорих ял оноосон юм. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг ялыг нь хэвээр баталсан билээ.
Саяхан гэр бүлээрээ явсан нэгэн бариач гэх хүн хатиг гарсан байсан иргэн Т гэгчийг эмчилж байна хэмээн барьж базан, цусанд нь бохир оруулснаар амь насыг нь бүрэлгэжээ. Тэд учрыг мэдээд ор сураггүй алга болсон байна.
Үүнээс гадна Ховд аймгийн Мөст сумын нутаг Улаан толгой багт бөө гэх Ч.Цагаанцоож хохирогчийг ширгэлж байна гээд биед нь хүнд гэмтэл учруулжээ. Хохирогч гэмтлээ даахгүй нас барсан аж. Түүнийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шалгаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ.
Бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр зарим хүний онгод, тэнгэрийг дуудаж "гүй" гэж тойргоор гүйлгэжээ. Бөө болох гэсэн хүмүүс гүйцгээж байтал нэг нь бахардаж амиа алджээ.
Бөө нар залилан хийхдээ ихэвчлэн дээд тэнгэртэйгээ холбогдон засал хийж, өвчин зовлонг нь анагаана, баян чинээлэг болгоно гэдэг аж. Тухайлбал, өөрийгөө бөө гэх О.Даваацэрэн иргэн Э-ийн тархины саажилттай хүүхдийг эмчилж өгнө гэж гурван сая төгрөгийг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард залилан авчээ. Гэтэл өвчтэй хүүхдийг эдгээгээгүйгээр барахгүй эмчилгээ хийлгээгүйгээс болж хүүхдийн бие улам муудсан аж. Тиймээс хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Бөө О.Даваацэрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг Орхон аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Мөн зайран Г.Даринчулуун өнгөрсөн оны тавдугаар сард Т.Ундармааг бөө болгож өгнө гэж 2.5 сая төгрөгийг нь залилан авсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгажээ. Түүнд холбогдох залилангийн хэргийг хохирогч зайрантай эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Падсүрэн гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол, Чингэлтэй дүүргийн нэр бүхий таван иргэнийг эмчилнэ, бузрыг нь арилгана, бигнэнэ гэх мэтээр их хэмжээний алт, мөнгөн эдлэл, 51 сая төгрөгийг залилан авчээ. Түүгээр барахгүй "АМАА" хувийн эмнэлэгт бөөлж байхдаа 100 ам.доллар, нэг сая гаруй төгрөг хулгайлжээ. Түүнийг залилан, хулгайн хэргээр яллагдагчаар шалгаж байгаа аж.
Мөн Орхон аймгийн иргэн Ч.Балжинням нь гар утаснаасаа "Чи хүнд тусал. Буян үйлд. Тэгэхгүй бол ээжийн чинь өвчин улам хүндэрнэ" гэх мэт мессэж бичиж Г.Баасандорж, Ч.Нарантунгалаг нараас 24 сая гаруй төгрөг залилжээ. Түүнд шүүхээс зургаан жил хорих ял оноосон байна. Хөвсгөл аймгийн иргэн Н.Баатар гэгч нь өөрийгөө бөө гэж итгүүлэн хохирогч Сүхбатад "Хэт хутга чинь амьдралд чинь гай болно" гэж өөртөө авчээ. Үүнийхээ хариуд хоёр жил хоригдохоор болсон аж.
Удган болгох шавиа хүчиндэв
Бөө гэх Ю.Эрдэнэ-Очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Б-г шавиа болгохоор тохиролцжээ. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-ний 21.00 цагийн орчимд шавийнхаа удган болох ёслолыг тэмдэглэж архи өгчээ. Шавь нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон үед Ю.Эрдэнэ-Очир хүчинджээ. Түүнийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1.5 жил тэнсэн харгалзах ял оноожээ.
Өргөл өгсөнгүй гэж машиныг нь шатаав
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын иргэн Ж.Баярсайхан жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат "Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их хохирол амсана. Бүр амь насанд чинь аюултай" гэж засал хийх их хэмжээний өргөл нэхжээ. Тухайн үед Ж.Баярсайханд бөөгийн нэхсэн мөнгө байгаагүй учраас засал хийлгээгүй аж. Э.Мөнхбат үүнд хорсож улмаар хэлсэн үгэндээ итгүүлэхийн тулд 2011 оны 12 сарын 24-ний шөнө 04.00 цагийн үед хохирогчийн "Сузуки" маркийн 78-97 УБР улсын дугаартай машиныг уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлжээ. Бусдын эд хөрөнгийг устгасан Мөнхбат гэгч бөөд шүүх 3.6 жил хорих ял оноожээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор дэлбэлсэн юм.
Бөө болох мөнгө өгсөнгүй хэмээн эгчийгээ хөнөөжээ
18 настай Э.Учрал бөө болохоор шийдэж зан үйлд зарцуулах мөнгийг нагац эгчээсээ гуйжээ. Нагац эгч Цэрэннадмид нь түүнд мөнгө өгөөгүй аж. Үүгээр нь шалтаглан Э.Учрал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нагац эгчийгээ зургаан удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. Түүнийг танхайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 912.12 дахь хэсэгт зааснаар шалгаж байгаа аж.
Нүүр хуудасруу буцах
2 сэтгэгдэл:
sn boo bol bga gehdee udriin od shig, gaduur bga boo nar yostoi hudlaa yutaigaa ch haritsaad bdii albin tiiren ch yum biluu hen medlee. Olon bootei bolloo gd uls devshij hugjuud bsiim alga. Zuv zugeer muruuruu yavj bhad mini Harin hen haraal hiichihvii gsn aidas huidestei amidarjiin.
Жинхэнэ бөе нар хөгжмийн сайн сонголтой эсвэл яруу найргийн билигтэй, бас дээр нь сайн муу, сайхан муухай гэгчийг ялгаж чаддаг өөрийн хэмжүүртэй, гарын дүйтэй, хүний зовлон жаргалыг ялгаж салгах мэдрэмжтэй гэсэн нийтлэг онцлог зан чанартай хүмүүс байдаг